Wednesday, February 12, 2014

Чингис хаан

Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн

Эрдэмтэн, судлаачид нэлээд их ярьж хэлсний хүчинд энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсон.  Харин ирэх жил их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болно. Гэвч өнөө хүртэл Чингис хааныхаа төрсөн өдрийг санал нэгтэйгээр тогтоогүй байгаа. Энэ талаар МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ш.Чоймаатай ярилцлаа.

-Чингис хааны төрсөн он дээр эрдэмтэд санал нэгддэг юм байна. Харин сар, өдрийн хувьд  хэр зөрөлддөг юм бэ?
- Эзэн богд чингис хааны мэндэлсэн он цаг, сар өдрийг түүхэн сурвалж тэргүүтнээр нягтлах нь гэсэн судалгааны өгүүллийг 2003 онд би хэвлүүлсэн юм. Дараа нь судлаачид дэмжсэн байсан. Чингис хааны мэндэлсэн оны тухайд гадна дотнын олон түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ баримтуудыг үзэж нягтлахад дэлхийн монголч эрдэмтэд, түүхчдийн хүрээнд 1162 он дээр тогтсон. Тиймээс анх 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, одоогийн Хэнтий аймгийн гурван нуурын ойролцоо сүрлэг сайхан хөшөө байгуулж байв. Дараа нь 2002 онд Чингис хааны 840 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр ирэх жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ёстой юм. 1962 онд анх тэмдэглэхдээ тавдугаар сарын 31-нд тэмдэглэсэн. Энэ нь ул үндэсгүй хэрэг биш. Лувсанданзангийн “Алтан товч”   тэргүүтэй нэлээд хэдэн сурвалжид Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-ы улаан тэргэл өдрийн дөл цагт /морин цагт/ мэндэлсэн гэсэн мэдээ байдаг. Билгийн тооллын энэ цагийг одоогийн христын он тоололд шилжүүлж тогтоосон хэрэг.

No comments:

Post a Comment